Хуурамч и-мэйл илгээх, гар утас руу мессэж илгээх, утасны дуудлага гэх мэт олон төрлөөр хэрэглэгчдийн цахим хаяг, кредит картны мэдээллийг авч луйвар хийх, нэр төрд нь халдах, заналхийлэх гэх мэт олон гэмт хэрэг үйлдэгддэг. Эдгээр цахим залилангаас хэрхэн сэргийлэх вэ?
Пишин/Phishing
Хамгийн түгээмэл үйлдэгддэг халдлага бол Пишин юм. Цахим луйварчид хуурамч и-мэйл илгээх замаар таны мэдээллийг хуулбарлан авдаг. Эдгээр и-мэйл нь банк, онлайн худалдааны вэб, тээврийн компани гэх мэт итгэл даахуйц вэбсайтыг хуулбарлан бүртгэлээ баталгаажуулах, нууц үг шинэчлэх хүсэлт гэх мэт агуулга бүхий и-мэйл илгээн хуурамч вэб сайт руу оруулдаг.
Энэ төрлийн цахим луйвар Монголд ч мөн адил түгээмэл байдаг. Таны танилууд дунд ийм и-мэйл хүлээн авсан хүн цөөнгүй байгаа гэдэгт эргэлзэх зүйл алга. Тиймээс хувийн нууцлалын мэдээллийг и-мэйл хаягаар тань лавлаж байгаа бол дотоод холбоос/линк/ дээр дарахынхаа өмнө энэ үнэхээр үнэн домайн мөн үү гэдгийг нягталж үзээрэй. Мөн банк хэзээ ч хувийн мэдээллийг и-мэйл хаягаар лавладаггүй гэдгийг сануулая.
Хуурамч антивирусны програм
Энэ мөн л манайд түгээмэл байдаг залилангийн арга. Компьютер, гар утасны дэлгэцэн дээр вирус илэрлээ гэсэн сануулга уг линк дээр дарвал вирус устах болно гэсэн мессэжийн хамт гарч ирнэ. Мэдээж төхөөрөмж болон сүлжээгээ вириустуулэхгүйн тулд ихэнх хүмүүс дарж орхидог. Үүнтэй зэрэгцэн таны төхөөрөмжид үнэгүй антивирус суугдаж та бүрэн хамгаалагдлаа гэж тайвшрах ч энэ нь кибер залилангийн хамгийн түгээмэл нэгэн хэлбэр таны мэдээллийг хуулж, хуулбарлаж байгааг та анзаардаггүй. Тиймээс аль болох үнэгүй вирусны програмаас татгалзах хэрэгтэй.
Сошиал залилан
Хэдэн хүүхэдтэй болох вэ? Урьд насандаа хэн байсан бэ? Таны эсрэг хүйстний хувилбар… гэх мэт линк дээр дарж өөрийнхөө болон бусдын тухай хөгжилтэй зураг, мэдээ харж байсан уу? Хэн нэгний тухай шар мэдээ, нийгэмд түгж буй онцлох мэдээллийг коммент дээрх линкээр дарж уншина уу? Гэсэн линк таныг фэйсбүүкээ нээхэд хэр их харагдаж байна? Энэ бүгд таны мэдээллийг хуулж авахаар зориулагдсан цахим залилангийн нэг хэлбэр юм. Та уг линк дээр дарлаа, таны мэдээлэл автоматаар хуулагдан одоо хор, хохирол нь ажиглагдахгүй байж болох ч таныг анзаараагүй байхад л та цахим хаяггүй болох, таны цахим хаягаар хуурамч мэдээлэл түгээх гэх мэт олон эрсдлийг дагуулах болно. Тиймээс сонирхолтой санагдсан линк болгон дээр дарахаас зайлсхий!
Мобайл залилан
Энэ төрлийн залилан маш олон хэлбэрээр үйлдэгддэг. Хамгийн түгээмэл нь хуурамч аппликейшн. Яг л хуурамч и-мэйл шиг итгэл даахуйц, хүн бүрийн ашигладаг аппликейшныг хуулбарлан хийж хүмүүсийг татдаг.
Төгсгөлд нь:
- Мэдээ, мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авах
- И-мэйлээр ирсэн мэдээллийг нарийн нягталж байх
- Үнэгүй анти-вирусийн програм таныг 100% хамгаалахгүй
- Зөвхөн суурин төхөөрөмжөө хамгаалах хангалтгүй
- Мобайл төхөөрөмждөө анти-вирусийн програм суулгаарай.